ШУТИС-ИЙН МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ 2021-2022 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ МЭРГЭЖИЛ БОЛОН ХӨТӨЛБӨРҮҮДЭЭ ТАНИЛЦУУЛАВ.
ganbii

ШУТИС-ИЙН МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ 2021-2022 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ МЭРГЭЖИЛ БОЛОН ХӨТӨЛБӨРҮҮДЭЭ ТАНИЛЦУУЛАВ. 

2021 оны 5-р сарын 10-ны өдөр Мэдээлэл, Холбооны Технологийн сургуулийн дэд захирал доктор (Ph.D), дэд профессор Н.Эрдэнэхүү сургуулийнхаа үүсэн байгуулагдсан түүх, алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлс, хөгжлийн тэргүүлэх чиглэлүүд, мөн бакалаврын салбар, хөтөлбөрүүд, бэлтгэн гаргадаг мэргэжлүүд, гадаадад суралцах тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаар нийт суралцагчид болон эцэг эхчүүдэд дэлгэрэнгүй мэдээлэл танилцууллаа.

                               

           

1967 онд МУИС-ийн Энерги механикийн факультет холбооны инженер мэргэжлээр анхны элсэлт авснаар холбооны хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэх үндэс суурь тавигдсан байна. 1991 онд Мэдээллийн техник автоматжуулалтын факультет (МТАФ) нь Холбооны сургалтын төв /Холбооны коллеж/-тэй нэгдэж “Мэдээллийн Техникийн Сургууль (МТС)”-ийг байгуулсан. 1993 онд Эрдэм шинжилгээ, сургалтын төвийг Компьютерийн техник, менежментийн сургууль \КТМС\ болгон шинэчилсэн. 2014 оноос МХТС болон КТМС-ийн Компьютерийн ухаан, Электроникийн салбарыг нэгтгэн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль \МХТС\-ийг шинэчлэн зохион байгуулжээ.

МХТС нь мэргэжлийн 5 салбарт, захиргаа, сургалт судалгааны төв, сургалтын алба, санхүү, аж ахуй, оюутны байр, номын сан гэсэн үндсэн нэгжүүдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Тус сургууль нь Баянзүрх дүүрэгт байрлах ба 1 ээлжиндээ 1300 гаруй оюутан хичээллэх багтаамж бүхий хичээлийн байр, мөн 250 гаруй оюутан амьдрах оюутны байртай. Судалгааны орчинд EBSCO, Springer Link зэрэг 15 онлайн судалгааны сантай.

108 профессор, багш, эрдэмтэн ажилладаг. Сургуулийн багшлах бүрэлдэхүүний 38 нь Доктор (Ph.D) цолтой, докторант оюутны тоо 16, магистрант оюутны тоо 106, бакалаврт 1835 оюутан суралцдаг.

              

МХТС нь мэргэжлийн 5 салбар \Холбооны салбар, мэдээллийн технологийн салбар, компьютерийн ухааны салбар, электроникийн салбар, мэдээллийн сүлжээ, аюулгүй байдлын салбар\-уудад бакалаврын 14 хөтөлбөр, магистрын 12 хөтөлбөр, докторын 6, хамтарсан 4 хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. 

Энэ удаагийн ярилцлагаар бакалаврын 14 хөтөлбөрийн онцлог, мэргэжлийн зориулалт, мэргэжилтний ажиллах салбар байгууллагууд, төгсөж гараад хаана ямар ажил эрхлэх талаар дэлгэрэнгүй танилцуулснаас гадна МХТС онцлог давуу тал, ямар чадамжтай төгсөгчид бэлтгэн гаргадаг талаар танилцуулсан нь онцлог бөгөөд сонирхолтой байлаа. Түүнчлэн монголд болон гадаадад мэргэжлээрээ ажиллах боломжууд, тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгсөн.

                

Мөн 2021-2022 оны хичээлийн жилд элсэлт авах хөтөлбөр, мэргэжлүүдийг дэлгэрэнгүй танилцуулж, хөтөлбөр тус бүрийн онцлог, эзэмших ур чадвар, ажлын байрны хүрэлцээ, энэхүү мэргэжлийг сонгон суралцахдаа ЭЕШ-ыг ямар хичээлүүдээр өгөх, суурь болон дагалдах хичээлүүдийн босго оноо хэд байх зэргийг нарийвчлан танилцуулсан нь үр өгөөжтэй байлаа.

   

 

МХТС нь Монгол улсын мэдээлэл холбооны технологийн чиглэлийн чадварлаг мэргэжилтэн боловсон хүчинг бэлтгэх чухал бөгөөд хариуцлагатай үүргийг гүйцэтгэдэг.

 

 

Ахлах сургуулийн захиргаа