АХЛАХ СУРГУУЛИЙН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЦАХИМ ОРЧИНД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
ganbii

АХЛАХ СУРГУУЛИЙН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЦАХИМ ОРЧИНД

АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. 

        ШУТИС-ийн Ахлах сургуулийн сургалтын үйл ажиллагааг танилцуулах “Нээлттэй хаалганы өдөрлөг” нь эцэг эх, асран хамгаалагчид болон шинээр элсэн суралцагчдад сургуулийн үйл ажиллагаа, сургалтын орчинг танилцуулахаас гадна багш, эцэг эх, суралцагч, сургуулийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, суралцагчдад боловсрол олгоход эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, сургууль, багш, гэр бүлийн харилцаа холбоог сайжруулах зорилготойгоор онлайн орчинд 2021 оны 5-р сарын 21-ний өдөр 1400-1700 цагт зохион байгуулагдлаа.

        Өдөрлөгийг ШУТИС-ийн Ахлах сургуулийн захирал доктор (Ph.D), профессор Д.Буянтогтох нээж ахлах сургуулийн үүсэн байгуулагдсан түүх, хэтийн зорилго, алсын хараа, үнэт зүйлс, сургалтын онцлог, хөтөлбөрүүдийн давуу тал, сургалтын орчин, мөн туршин хэрэгжүүлж буй “MON-STREAM” интеграци хичээлийн үр дүн, ач холбогдол, улмаар тус сургуулийн ирээдүйн зорилтыг танилцууллаа.

Сургалтын менежер З.Нарантуяа танхим болон онлайн сургалтуудын онцлог давуу тал, ЭЕШ-ын бэлтгэл, үр дүн зэрэг хичээл сургалтын үйл ажиллагаатай холбоотой мэдээллүүдийг танилцуулав.

Ахлах нягтлан бодогч М.Батпүрэв ахлах сургуулийн сургалтын төлбөр, сургалтын тоног төхөөрөмж, материаллаг бааз, И-Баримтын мэдээлэл зэрэг санхүүгийн талаар мэдээлэл хийлээ.

ЗАН-ийн ахлагч Н.Наранжаргал багшлах боловсон хүчин, түүний хүртээмж, багш нарын хичээл заах ур чадварыг дээшлүүлэх гадаад дотоодын сургалт семинарууд, түүний үр дүн, багш нарын судалгаа шинжилгээний ажил, туурвиж гаргасан ном бүтээлүүд, мөн багш нарын хамтын ажиллагааны бодит үр дүн болсон “MON-STREAM” төсөлт ажлын талаар дэлгэрэнгүй тайлбарлаж энэхүү интеграци хичээлээр суралцагчдын хийсэн бүтээлүүдийг танилцуулан цаашид хийхээр төлөвлөж буй хичээл сургалтын үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

БСХТ-ийн ахлагч Б.Эрдэнэцэцэг “Суралцагчдын хөгжил, төлөвшил, нийгэмшил” сэдвийн хүрээнд БСХТ-ийн зорилго, үйл ажиллагааны чиглэл, мөн сүүлийн 3-4 жилийн хугацаанд суралцагчдын дунд зохион байгуулсан соёл, хүмүүжлийн ажлууд, түүний үр дүнгийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийсэн.

Нээлттэй хаалганы өдөрлөгт 10, 11, 12-р ангийн суралцагчдын эцэг эх, асран хамгаалагчид оролцсоноос гадна шинээр элсэх сонирхолтой суралцагчид, тэдний эцэг эх, асран хамгаалагчид нь цахим орчинд идэвхитэй оролцсон нь энэ хичээлийн жилийн нээлттэй өдөрлөгийн онцлог байлаа.

 

Нээлттэй хаалганы өдөрлөгт оролцогчид онлайн орчинд ахлах сургуулийн суралцагчдын хийж гүйцэтгэсэн бүтээлүүд болон хичээллэх анги танхим, лаборитори, кабинетийн үйл ажиллагаатай танилцаж, сургуулийн удирдлага, багш сурган хүмүүжүүлэгчдээс сонирхсон олон асуулт асууж ярилцлага өрнүүлэв.

Ийнхүү ахлах сургуулийн нээлттэй хаалганы өдөрлөг нь эцэг эх, асран хамгаалагчдад сургуулийн үйл ажиллагаа, багш нарын хичээл заах арга барил, сургалтын орчин, хүүхдүүд хэрхэн суралцаж, бие даан бүтээж туурвиж байгаа талаар мэдээлэл авах, түүнчлэн өсвөр насныхантай хэрхэн зөв харьцаж хүмүүжүүлэх талаар зөвөлгөө өгч суралцуулсан үр дүнтэй өдөрлөг боллоо.

Модератороор ЗАН-ийн ахлагч Н.Наранжаргал багш ажиллаа.

 

Ахлах сургуулийн захиргаа