“ХОСОЛМОЛ СУРГАЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АСУУДАЛД” СЭДЭВТ ОНОЛ ПРАКТИКИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ganbii

ШУТИС-ийн Ахлах сургуулиас Монгол улсад орчин цагийн боловсролын салбар үүсэн хөгжсний 100 жил, Дэлхийн багш нарын баярын 27дахь, Монголын багш нарын 55 дахь баярын өдрийг тохиолдуулан жил  бүр уламжлал болгон зохион байгуулдаг эрдэмтэн, багш, судлаачдын онол практикийн эрдэм шинжилгээний бага хурал 2021 оны 10 дугаар сарын 09-ны өдөр “Хосолмол сургалтыг хэрэгжүүлэх асуудалд” сэдвээр амжилттай зохиогдлоо.

Уг хуралд БШУЯ-ны Боловсролын хүрээлэн, БШУЯ-ны Философийн хүрээлэн, СБД Боловсролын хэлтэс, МУИС, ШУТИС, СЭЗИС, АШУҮИС, ДаТС болон Ерөнхий боловсролын сургуулиудын  төлөөлөл оролцов.

Судлаач, профессор, багш нар их дээд сургууль, ахлах сургуулийн сургалтад хосолмол сургалтыг хэрхэн ашиглаж байгаа туршлагаа солилцон, шинэ мэдээлэл хуваалцахаас гадна өөрийн сүүлийн үеийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа танилцуулсан олон сайхан илтгэлүүдийг хэлэлцүүллээ. Мөн энэ удаагийн хурлаар ардын багш, хэл бичгийн ухааны доктор, профессор Ц.Өнөрбаян  “Багшийг шүтэх ёсон” сэдэвт илтгэлээ танилцуулсан нь хурлын ач холбогдлыг улам нэмэгдүүлсэн үйл явдал боллоо.

Энэ удаагийн хурлыг Microsoft teams платформ ашиглан танхим болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулсан ба хосолмол сургалтыг сургалтад хэрэгжүүлэх, суралцагчдын эрэлт хэрэгцээг судалж шинэлэг туршлагыг сургалтад нэвтрүүлэх арга зүйн талаар болон орчин үеийн багшийн ур чадвар, багшийн үнэ цэнэ, багшид тавигдах шаардлага зэрэг цаг үеийн чухал ач холбогдол бүхий сэдвүүдээр санал бодлоо солилцсон, цаашид хийх ажлын шинэлэг санал дэвшүүлсэн цаг үеэ олсон чухал ач холбогдолтой хурал болов.

АХЛАХ СУРГУУЛИЙН ЗАХИРГАА