2021 оны 10-р сарын 15-ны өдөр Монгол улсын ардын багш, академич, доктор (Sc.D), профессор Ч.Авдай шинжлэх ухаан технологийн их сургууль үүсэн байгуулагдсан түүх, инженерийн мэргэжлийн онцлог, орчин үеийн хөгжлийн тэргүүлэх чиглэлүүд, бакалаврын салбар, хөтөлбөрүүд, бэлтгэн гаргадаг мэргэжлүүд, гадаадад суралцах тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаар нийт суралцагчид болон эцэг эхчүүдэд сонирхолтой сайхан мэдээлэл танилцууллаа.
Монгол Улс 1960-аад оноос аж үйлдвэр-хөдөө аж ахуйн орон болох зорилтыг тавьж хэрэгжүүлэх үүднээс дотооддоо инженер, техникийн боловсон хvчин бэлтгэх зорилгоор МУИС-д 1959-онд Аж үйлдвэрийн эдийн засаг, Барилгын инженер, 1960 онд Геологийн инженерийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн байна. 1969 онд МУИС-ийн бvрэлдэхүүнд Политехникийн дээд сургууль /ПДС/-ийг Барилга, Эрчим хүч, Геологи-уул уурхай, Механик-инженер, Инженер-эдийн засгийн гэсэн таван факультет, мэргэжлийн 13 тэнхимтэйгээр зохион байгуулжээ. ПДС-нь бие даасан дээд сургуулийн хэмжээнд хүртэл бэхжиж чадсан учраас 1982 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн шийдвэрээр МУИС-ийн бүрэлдэхүүнээс гарган, бие даасан дээд сургууль болгон зохион байгуулсан байна.
1990 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 154-р тогтоолоор их сургууль болгон өөрчилж, эрх хэмжээ, бие даасан байдлыг нь өргөтгөсөн. Ийнхүү Монголын дээд боловсролыг өөрчлөн шинэчлэх ажлыг Техникийн их сургууль манлайлан ажиллаж, сургалтын зохион байгуулалтад кредит тогтолцоог тууштай нэвтрүүлж, сургалтын үйл ажиллагааг өөрчилж чадсан юм. Энэхүү өөрчлөлт шинэчлэлийн үр дүнд Техникийн их сургууль нь Монгол улсын Шинжлэх Ухаан-Технологийн их сургууль болж өргөжин бэхжсэн байна.
2013 оноос ШУТИС-ийг судалгааны их сургууль болгох өөрчлөлт шинэчлэлийг эхлүүлсэн. Судалгааны их сургууль болохын тулд их сургуулийн бүтцийг дэлхийн жишигт ойртуулж, сургалтын чанарыг эрс дээшлүүлж, дэлхийн түвшинд хүрсэн профессор багшийн тоог нэмэгдүүлэх, судалгаа шинжилгээний ажлын цар хүрээ, үр өгөөжийг нэмэгдүүлж, инновацийг нэвтрүүлж, Азийн тэргүүлэх 200 их сургуулийн тоонд орох зорилтыг тавьж ажиллаж эхэлсэн байна.
Ийнхүү Ч.Авдай багш ШУТИС-ийн үүсэн байгуулагдсан түүхийг өгүүлснээс гадна өөрөө мэргэжлээ хэрхэн сонгосон, хэрхэн суралцаж төгссөн болон багшилсан түүх зэрэг өөрийн амьдралын түүхэн замнал, туршлагаа хуваалцаж ярилцсан нь суралцагчдад сонирхолтой байлаа.
Мөн ШУТИС-ийн Ахлах сургуулийн захирал доктор (Ph.D), профессор Д.Буянтогтох сургуулийнхаа үүсэн байгуулагдсан түүх, алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлс, сургалтын хөтөлбөрүүд \Заавал, сонгон, гүнзгийрүүлэн судлах, эрчимжүүлсэн сургалт\-ийн онцлогийн талаар танилцуулж, улмаар амжилттай хэрэгжүүлээд байгаа MON-STREAM хөтөлбөрөөр суралцагчид хийсэн бүтээлүүдээрээ улсын болон олон улсын үзэсгэлэн, олимпиад, уралдаан тэмцээнд хэрхэн оролцож амжилт гаргасан талаар бахархан ярьлаа. Мөн суралцагчдын дунд зохион байгуулагддаг графикт болон тусгай соёл, хүмүүжлийн ажлуудыг танилцуулж цаашид цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан цахим болон танхимын хосолмол хэлбэрээр зохион байгуулагдах боломжтой соёл, хүмүүжлийн ажлууд болох “Номын сайн нөхөр” уралдаан, суралцагчдын “Эрдэм шинжилгээний илтгэл”-ийн III уралдаан, ангиудын нэрэмжит аян, түүнчлэн монголын ирээдүйн инженерүүд болох суралцагчид та бүхний мөрөөдлийн бичүүлж “Миний мөрөөдөл” сэдэвт ном хэвлүүлэн гаргах зэрэг ажлуудыг шат дараатайгаар зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаагаа онцоллоо.
Энэхүү уулзалт ярилцлага нь багш, суралцагчид, эцэг эхчүүдэд цахим \Microsoft teams платформ\ болон тахимаар хосолмол хэлбэрээр зохион байгуулагдснаараа онцлог байлаа.
Ахлах сургуулийн захиргаа
“Hugo and Color ” улсын XVI олимпиад
Шинжлэх ухаан технологийн их сургуулийн нэрэмжит “ИРЭЭДҮЙН ИНЖЕНЕРҮҮД 2025” улсын олимпиад
2024-2025 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын дүн.
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.