ШУТИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургууль нь ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сургалтын төлөвлөгөөнөөс гадна математик, физик, мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Манай сургууль нь ирээдүйд ШУТИС-д инженер, дизайны чиглэлээр суралцах сонирхолтой суралцагчдыг 10-р ангиас нь элсүүлэн суралцуулдаг бөгөөд ирээдүйд эзэмших мэргэжлийн суурь чадамжуудыг олгодог. 2023-2024 оны хичээлийн жил үндсэн 11, гэрээт 19 багштай хичээл сургалтын үйл ажиллагаа явагдаж байна. 100% магистраас дээш зэрэгтэй, мэргэжлийн ур чадвар сайтай багш нар үндсэн багшаар ажилладаг. Гэрээт багшаар ШУТИС-ийн мэргэжлийн зэрэг цолтой, ерөнхий боловсролын сургуульд багшилж байсан туршлагатай багш нарыг сонгон ажиллуулдаг болно.
Бид энэ хичээлийн жилд боловсрол, шинжлэх ухааны сайдын А/398 тушаалаар хичээл сургалтын хуваарийг төлөвлөн хэрэгжүүлж байгаа бөгөөд математик, физик, мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалтыг НБГ-р батлуулсан хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлж байна. Мөн зураг дизайны ангийн суралцагчид ШУТИС-ийн хар зураг, уран зураг, зохиомжийн үндэс хичээлийг кредит дүйцүүлэх нөхцөлтэй судалдаг бөгөөд 12-р анги төгсөхдөө хар зураг I-2 кредит, хар зураг II-3 кредит, уран зураг I-2 кредит, уран зураг II- 3 кредит, зохимжийн үндэс- 1 кредит үнэгүй тооцуулан төгсөх боломжийг олгодог юм. Харин 12а, 12б ангийн суралцагчид математик 101, физик 101 хичээлүүдийг судалж нийт 6 кредит үнэгүй дүйцүүлэх боломжтой байдаг. Манай сургууль нь олон улсын найрамдал зуслантай хамтран өвлийн эрчимжүүлсэн сургалт, ШУТИС-ийн горхи тэрэлж дэхь дадлагын баазад зун, намрын эрчимжүүлсэн сургалтаа зохион байгуулдаг.
Манай сургуулийг төгссөн суралцагчид их сургуульд ороод суралцах арга барил бүрэн эзэмшсэн, бие даан суралцах чадамжтай, лекц, оюутны хичээлд сууж сурсан, ачаалал даах чадвартай, их сургуулийн кредит системийг ойлгосон, зарим их сургуулийн хичээлээ судлан дүйцүүлсэн байдаг нь цаашид амжилттай суралцахад олон давуу талыг олгодог.