Мэндчилгээ
ШУТИС-ийн Ахлах сургууль байгалийн шинжлэх ухааны суурь мэдлэгтэй, техник технологид сонирхолтой, бүтээх, урлах авьяастай сурагчдыг 10-12 дугаар ангидаа элсүүлэн инженерийн ба зураг дизайны чиглэлээр гүнзгийрүүлэн суралцуулдаг. Манай хамт олон суралцагчдад инженер, техник технологийн мэргэжлийн онцлогийг таниулж Их сургууль, Ахлах сургуулийн залгамж холбоог хөгжүүлэн дэлхийд өрсөлдөх чадвартай бүтээлч сэтгэлгээтэй, гүн бат мэдлэгтэй инженер, дизайнеруудыг Ахлах сургуулиас нь эхлэн бэлтгэх шаталсан тогтолцоог бүрдүүлэн олон улсын боловсролын чиг хандлагад нийцсэн сургалтын хөтөлбөрийг туршин хэрэгжүүлэх зорилготой ажиллаж байна. |
Энэхүү эрхэм зорилгыг хэрэгжүүлэхийн тулд гүнзгийрүүлсэн сургалтын хөтөлбөрөө шинэчлэх, суралцагчдыг бие даан бүтээлчээр суралцахуйд сургах, төсөлд суурилсан сургалтыг туршин хэрэгжүүлж, ирээдүйн мэргэжлийн чиг баримжаа олгох, хичээлүүдийн агуулгын интеграци хийж нэг бүтээлээр хэд хэдэн хичээлийн оноог тооцуулах, зарим хичээлүүдийг орчин үеийн смарт лаборатори, кабинетад түшиглэн дадлага хэлбэрээр явуулах, ШУТИС-ийн бакалаврын хөтөлбөрийн ерөнхий суурь зарим хичээлийн агуулгыг гүнзгийрүүлэн судалж кредит цаг тооцуулах боломж бүрдүүлэх, багшлах боловсон хүчнийхээ дидактик арга зүйн болон мэргэжлийн мэдлэгийг дээшлүүлэн чадваржуулах гэх зэрэг томоохон зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байгааг дурдахад таатай байна.
Бидний үйл ажиллагааг дэмжиж, хэтийн зорилго тэмүүллийг хэрэгжүүлэхэд нягт хамтран ажилладаг байгууллага, хамт олон, эцэг эх, суралцагч, элсэгчид та бүхэнд ШУТИС-ийн Ахлах сургуулийн үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.
Та бүхэнд хамт олныхоо нэрийн өмнөөс чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
Хүндэтгэсэн
ШУТИС-ийн Ахлах сургуулийн захирал Проф. Д.Буянтогтох